Дэлхийн 2-р дайны явган цэргийн голлох 10 зэвсэг

Дэлхийн 2-р дайн хүний түүхэн дэх хамгийн том цус асгаруулсан зөрчилдөөн байсан билээ. Сая сая хүн алагдаж, улсууд мандаж сөнөж, дэлхийн өнцөг бүрт нурсан балгас, гал, үхэл хагацлыг үлдээж хоцорсон. Анхны технологи хоорондын дайн гэгддэг ч хүн болоод түүний зэр зэвсэг гол үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. Тэд зэр зэвсэгтэйгээ Европын хотуудад, Африкийн цөлд, Өмнөд Номхон далайн арлуудын ширэнгэн ойд тулалдаж байлаа. Буу зэвсэг нь дайснуудаасаа бага ч гэсэн давуу байх боломжийг олгож байв. Буу зэвсэг нь амиа хамгаалж, дайснаа устгахад туслаж байсан юм. Дэлхийн 2-р дайны үед явган цэрэгт ашиглаж байсан гол 10 зэвсэгийг танилцуулж байна.

10. 98К Карбин

Армиуд алсын зайнаас байлдах цэргийн номлолд түшиглэж байсан учраас 98К карабин нь хэрэгцээ хангахаа больж байлаа. Гэвч Германы армийн гол зэвсэгийн нэг байж, 1945 онд Герман ялагдал хүлээтэл үйлдвэрлэгдсээр байжээ. Энэ дайны үед хэрэглэгдэж байсан замагт буунаас хамгийн шилдэг нь гэж 98К карабиныг үздэг. Хагас автомат, автомат буу нэвтэрсний дараа ч тактикийн учир шалтгааны улмаас хэрэглэгдсээр байсан юм. Энэхүү бууг барин ихэнх Герман цэргүүд тулалдаж, амь эрсдэж байлаа.

9. М1 Карбин

Цэргүүдээ авч явахад, хэрэглэхэд хялбар буутай байлгах үүднээс АНУ-ын арми М карбиныг ашиглаж эхэлжээ. Хамгийн хүчирхэг зэвсэг байгаагүй ч хөнгөн, жижиг, онч сайтай байсны дээр эзэн нь гамтай авч явбал хамгийн хэрэгтэй зэвсэг байв. АНУ-ын шүхэрчин цэргүүд хэрэглэхэд хялбар байдлыг нь ихэд сайшаадаг байсны улмаас тулаанд орохдоо хэрэглэх дуртай байсан гэдэг. Дайны үед 5 сая М1 үйлдвэрлэгдсэн нь бусад төрлийн зэвсгээс хамгийн их  нь бөгөөд өнөөдөр түүний янз бүрийн хувилбарууд үйлдвэрлэгдэн цэргийн ыолон иргэний зорилгоор хэрэглэгдсээр байна.

 

8. МР 40 автомат

МР40 нь Дэлхийн 2-р дайны үеийн Герман цэрэг, нацистуудын салшгүй билэг тэмдэг болж байв. Дайны тухай кино үзвэл энэ бууг барьсан Герман цэрэг байнга гардаг ч байлдагч болгонд толгой дараалан олгохоор хийгдсэн зэвсэг биш байсан аж. Голчлон десантчид, ахлагч, түрүүч нар хэрэглэж байв. Ялангуяа зүүн фронтод Оросуудын эсрэг, блоклон хамгаалагдсан гудамжны тулаанд урт бууны хэрэг сайн гарахгүй байсан учир ихээр хэрэглэгдэж байв.

 

7. Гранат

Дэлхийн 2-р дайнд хэрэглэгдэж байсан сайн зэвсэг болгон буу байсангүй. Явган цэргүүд гранатыг ихээр ашиглаж байсан байна. Хүчтэй, хөнгөн, шидэхэд төгс тохирсон хэмжээтэй учраас дайралт хийхэд үнэлж баршгүй хэрэгсэл байлаа. Гранат шидэн үргэлжлэн галладаг пулемётоор буудах нь тулааныг ялалтад хүргэхэд илүү хялбар болгодог байв.

 

6. Стены автомат

Дайны үед хэд хэдэн хувилбараар гарсан ч бүгд хажуугаас ордог сумлагчтай, нарийн хэмжээтэй байв. Тулаанд төгс зохицоогүй ч ойроос бол багагүй эсэргүүцэл учруулах чадалтай. Задалж угсрахад хялбар учир партизаны ажиллагаа, гэнэтийн дайралтад голчлон ашиглаж байжээ.

 

5. Люгер РО8 гар буу

Байлдааны зэвсгийг “сайхан” гэж хэлэхэд төвөгтэй ч энэ буу жинхэнэ урлагийн бүтээл бөгөөд өнөө цагт буу цуглуулагчдын дунд Дэлхийн 2-р дайны үеийн хамгийн эрэлттэй зэвсэг юм. Хэв загвар сайтай, ямар ч үед шаардлага хангаж чадахын дээр барьснаа алдаж буудах нь үгүй Люгер Р08 нацистуудын хүчирхэг, нарийн нягт, үхлийн аюултай шинж чанарын илэрхийлэл болж байсны дээр өвөрмөц загвар, эдэлгээ урт зэрэг нь өндөр үнэлэгддэг байна.

 

4. KA-BAR байлдааны хутга

Яаж ч эхэлсэн байлаа гэсэн эцсээ хүртэл тулалдах нь цэргийн ёс юм. Энэхүү хутга нь цэргийн алба, салбар болгонд хэрэглэгдэж байсны хамт цэрэг хүнд хэрэгтэй болгоныг гүйцэтгэхэд туслаж байв. Нүх ухах, лааз онгойлгох, бут огтлон явах зэрэгт хүртэл ашиглана. Анхлан анчин, аялагчдад зориулан бүтээгдсэн ч Япончуудтай ширэнгэн ойд байлдаж байсан тэнгисийн явган цэргүүд онцгойлон дуртай байжээ. Одоог хүртэл хэрэглэгдэж байгаа тус хутга байлдааны хамгийн сайн хутга юм.

 

3. Томпсоны автомат

Автомат буу Дэлхийн 2-р дайнд жинхэнэ утгаараа тулааны зэвсэг болон хэрэглэгдсэн юм. Олон төрөл байдаг ч Томпсоны автоматаас илүү алдартай нь үгүй. Тус дайнаас өмнөхөн АНУ-ын арми хэрэглэж эхэлсэн бөгөөд хүнд жинтэй /4.5 кг/ ч тагнуулч, штабын офицер, тусгайгийнхан, десантчдын дунд хүч, галлах ээлжийн чадвараараа өндөр үнэлэгдэж байв.

 

2. PPSh-41 автомат

Финляндтай хийсэн өвлийн дайнаас эхлэн Сталинградын хамгаалалт хүртэл Зөвлөлтийн цэргүүд дайснуудтайгаа винтов буугаа сумлаж амжихгүй богино зайнд тулах магадлал өндөр тохиож байв. Оросын цэргүүдэд ончтой буюу хүчтэй бус богино зайнаас олон удаа галлаж чадах буу хэрэгтэй байсан үед PPSh-41 автоматыг бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн / өдөрт 3000 ширхэг/ бөгөөд хийхэд, хэрэглэхэд хялбархан байсан аж. Бөөрөнхий сумлагчиндаа 71 сум багтаадаг учраас богино зайнаас тулалдах давуу талыг Оросуудад олгосон байна. Герман цэргүүд ч маш өндөр үнэлдэг байжээ.

 

1. M1 Garand

Дайн эхлэхэд бараг цэрэг болгон замагтай урт буугаар хангагдсан байсан. Онч сайтай, хэрэгцээ хангаж байсан ч буудалт болгоны дараа хонгиог гарааг авч дахин цэнэглэх болдог байв. Мэргэн буудах, холын зайнаас байлдахад болж байсан ч галлах ээлжийг багасгаж байсан юм. Дайсан руу аль болох олон сум илгээх боломжийг цэргүүддээ олгохын тулд АНУ-ын арми бүх цаг үеийн хамгийн алдартай бууны нэг болох M1 Garand-ыг нэвтрүүлжээ. Хэрэглэхэд арчлахад хялбар, дахин цэнэглэхэд хурдан, дайсантай тулах болгонд АНУ-ын цэргүүдэд байлдах давуу талыг олгож байсан байна. 1963 оныг хүртэл цэргийн албанд хэрэглэгдэж байгаад хасагдсан бөгөөд зарим оронд цэргийн жагсаалд, иргэний хүрээнд ангийн зэвсэг болж байдаг ажээ.

Эх сурвалж: Toptenz.net

Бэлтгэсэн Э.Алтангэрэл

Хэрвээ танд манай нийтлэл таалагдсан бол tweet, like хийж бусадтайгаа хуваалцаарай. Баярлалаа.

Холбоотой бичлэгүүд