Схоластик философиор бол бичнэ гэдэг бол тэмдэг, тэмдэг нь өөр нэг тэмдэгийн тэмдэг /биеийн ярих хэл/ бөгөөд хүмүүс хамтран амьдран суухдаа цаг хугацаа, орон зайн хувьд алсад буй хүмүүст мэдлэг дамжуулах хэрэгцээнээс үүсчээ гэж тодорхойлдог. Бичгийн хувьслын тухай тодорхойлоход нэг иш үндэст аваачдаг ба үүнийг доорхи жагсаалтаас мэдэх боломжтой юм:
10. Брэйль үсэг
Энэ жагсаалтад оруулсан цор ганц тэмтэрч байж уншдаг хэл бичгийн систем юм. Францын хараагүй иргэн Луй Брэйль 1821 онд Францын цэргийнхний ашигладаг байсан товойлгосон цэгүүдийн кодчлолоос бүрдэх “шөнийн бичиг”-ээс санаа авч зохиожээ. Энийг хүртэл тэр том үсэгтэй ном л уншиж байсан боловч бичих болохоор их хүндрэлтэй байлаа. Илүү сайн арга барил хэрэгтэй байсан учраас шөнийн бичиг хэцүү /үсэг бүтээхэд 12 хүртэл цэг ашигладаг/ ч Брэйль үүнийг хялбаршуулан нэг үсэг 6 хүртэл цэгээс бүрдэхээр хялбарчлан зохиожээ. Түүний амьд сэрүүн ахуйд бүтээл нь олонд түгээгүй ч нас барснаас нь хойш Брэйлийн систем хараагүй, харааны бэрхшээлтэй хүмүүсийн бичгийн харилцааг өөрчилсөн юм. Өнөөдөр үүнийг дэлхийн олон хэлэнд тохируулан хэрэглэж байна.
9. Кирил бичиг
9-р зуунд Грек ах дүүс болох Методиус, Кирил нар Глаголит, Кирил гэсэн 2 цагаан толгойг Славяны уламжлалт сүмийн хэллэгт зориулан зохиосон байна. Кирил цагаан толгой нь Глаголит болон Грек цагаан толгой дээр суурилан яваандаа Слав хэлтнүүдийн хэл бичгийн гол систем болжээ. Өнөөдөр Слав хэлний Орос, Болгар, Беларус, Украйн, Серб зэрэг салбаруудаас гадна ЗХУ-ын нөлөөгөөр Слав бус өөр олон хэлнүүдэд хэрэглэгдэж байна. Кирил цагаан толгой нь түүхийнхээ туршид 50 гаруй хэлэнд тохируулан хэрэглэгдэж байв.
8. Шаантаг үсэг
Дэлхий дээр мэдэгдэж байгаа хамгийн эртний хэл бичгийн систем гэдгээрээ ач холбогдолтой. МЭӨ 34-р зуунд өнөөгийн Иракийн өмнөд хэсгээр амьдарч байсан Шумерууд анх хэрэглэж байжээ. Аккад, Хиттит, Хурриан зэрэг эртний хэд хэдэн хэлийг тэмдэглэхэд нийцүүлэн хэрэглэж байснаас гадна Угарит, Персийн эртний цагаан толгой бий болоход нөлөөлжээ. Өнгөрсөн 3000 жилийн турш эдгээр бичгүүд нь Ойрхи Дорнодод ихээхэн нөлөөтэй байсан боловч МЭ 100 он гэхэд устан Арамей цагаан толгойгоор аажимдаа солигдох хүртлээ хэрэглэгдсээр байжээ.
7. Эртний Египетийн бичиг үсэг
Шумерийн шаантаг үсгийн дараа МЭӨ 3200 оны орчим Егитпетийн дүрс үсэг хэрэглээнд нэвтэрсэн гэж ерөнхийдөө таамагладаг. Дүрс үсгээс гадна шашны болон энгийн ардын зориулалт бүхий өөр 2 бичиг эртний Египетэд байжээ. Египетийн түүх гайхалтай ч хамгийн чухал нь анхны цагаан толгой үүсэх нөхцлийг бий болгосноороо үнэтэй юм.
6. Хятад ханз
Хятад ханзыг асар олон тооны хүмүүс хэрэглэдэгийг эс тооцвол МЭӨ 2-р зуунаас өнөөг хүртэл ашигласаар байгаа хамгийн урт настай хэл бичгийн системийн нэг юм. Ханзнууд анхандаа зурган үсэг байсан бөгөөд нэг үетэй үгийг илэрхийлж байв. Ханзыг өөр олон хэлэнд ашигласан нь хятад зүүн азидаа нөлөө бүхий байсны үр дагавар бөгөөд Солонгос, Япон, мөн Вьетнам хэлэнд хүртэл ашиглаж байжээ. Солонгос болон Вьетнамчууд өөрсдийн бичгээр ханзыг сольсон ч Япоын канжи үсэгт ашиглагдсан хэвээр байна. 20-р зуунд Хятадын засгийн газраас ард олноо бичиг үсэгт тайлах үүднээс олон ханзыг бичихэд хялбаршуулсан учраас ханз нь уламжлалт хийгээд хялбаршуулсан гэсэн үндсэн 2 хэлбэрт хуваагдсан байна.
5. Брахми бичиг
Өмнөд Азид Брахми бичгээс үүдэлтэй олон тооны хэл бичгийн систем хэрэглэгдэж байна. Бүх үсгүүд нь гийгүүлэгч бөгөөд эгшгүүд нь ялгах тэмдэг болгож хэрэглэгддэг абигуда хэмээх энэхүү бичиг нь МЭӨ 5-р зуунд бий болсон ба Пракрит болон Санскрит хэлийг бичихэд хэрэглэж байв. Түүнээс хойших хэдэн мянган жилийн туршид Брахми бичиг орон нутгийн хэлний зүйд тохируулсан шинжтэй хэсгүүдэд хуваагдан салсан байна. Үүнийг өмнөд ба хойд гэж ерөнхийд нь ангилж болох ба Хинду, буддын шашин өргөжин тэлэхийн хэрээр өмнөд хэсэг нь зүүн өмнөд ази, хойд хэсэг нь төвд хүртэл дэлгэрчээ. Өнөөдөр Брахми бичиг нь Азид /голчлон Энэтхэгт/ өргөн хэрэглэгдэж байгаагийн дээр буддын шашинтай орнуудад шашны зорилгоор хэрэглэж байна.
4. Араб бичиг
Араб хүмүүс, лалын шашны нөлөөгөөр Араб цагаан толгой нь хойд африк, баруун болон төв азид өргөн хэрэглэгддэг дэлхийн 2 дахь том бичиг юм. Абжад гэж нэрлэгддэг үсгүүд нь бүгд гийгүүлэгч болох бөгөөд МЭ 400 оны орчмоос хэрэглэгдэж лалын шашин, куран сударыг бичих болсноор эгшиг зохицох нь өөрчлөгдөж эхэлжээ. Шашны нөлөөгөөр дэлгэрэх нь ихсэж, Арабын бус лалын шашинт үндэстнүүд болох фарси, урду, пунжаб, пашто, курдуудын дунд хэрэглэгдэж байна.
3. Грек бичиг
Анхны эгшиг, бие даасан үсэг оруулсан цагаан толгой учраас хэл бичгийн хөгжилд том үсрэлт авчирсан. МЭӨ 800 оны орчмоос өнөөг хүртэл хэрэглэгдэж байгаа ба энэ хугацааныхаа турш еврей, турк, галли, албани зэрэг хэлнүүдэд нэвтэрч байв. Микенийн Грект хэрэглэхийг оролдож байсан ч Эртний Грек улс сэргэн мандахаас өмнөхөн амжилттайгаар хэрэглэгдэж эхэлжээ. Эртний Грект уран зохиол, түүхийг бичихээс гадна кирил болон латин цагаан толгойд нөлөөлсөн. Одоо энэ бичгийн үүрэг нь грек хэл, математикийн симбол тэмдэглэхээр хязгаарлагдаж байна.
2. Латин бичиг
Дэлхийн хэл болсон англи хэлний цагаан толгой болохоос гадна өнөөдөр хамгийн ихээр хэрэглэгдэж байгаа бичиг юм. МЭӨ 700 оноос грек цагаан толгойн нэгэн хувилбар болж салан эхлээд Европ даяар, дараа нь дэлхий дахинаа түгжээ. Ромын эзэнт гүрэн баруун европ, улмаар төв болон хойд европт хүрснээр, дундад зууны үед христ итгэл дэлгэрснээр дагалдан хэрэглэгдэх болсон байна. Зарим слав хэлтнүүд тус цагаан толгойг католик шүтлэгтэй болсноор хэрэглэж эхэлжээ. Европын колоничлол Америк, Африк, Далайн орнууд, Азид хүрснээр колоничлогчдын хэл бичиг нь ч нэвтэрчээ. Энэхүү бичиг нь олон хэлний авиа зүйд тохируулан хэрэглэгдэж байна.
1. Синайн эхэн үеийн, Феникийн бичиг үсэг
Синайн эхэн үеийн бичиг нь анхны цагаан толгой, тиймээс ч бараг бүх бичиг үсгийн эцэг нь болдог. Египет, Синайд МЭӨ 1900 оны орчим үүссэн бөгөөд Египетийн дүрс үсгээс гаралтай. Еврей, руни, латин цагаан толгой, чероки индианы үет бичиг үсэг, этиопын бичиг үсэг нь чухам үүнээс эх үүсвэрээ авчээ. Феникийн бичиг үсэг нь Синайн эхэн үеийн шууд залгамжлагч боловч бага зэрэг ялгаатай, газрын дундад тэнгисийн ойр орчмын үндэстнүүдэд Феникийн худалдаачид тархааж, олон хэлний үндсэн бичиг болжээ.
Эх сурвалж: Listverse.com
Бэлтгэсэн Э.Алтангэрэл









